ДҮРЭМ

Мөргөлт, рак болон моол

Рагби нь зөвхөн зай руу довтолж, хамгаалалтаас зугтахаас гадна мөн контакт авдаг спорт юм. Дийлэнх үед довтлох зайгаа контактанд орсоноор гаргадаг. Тоглолтын дунд хамгийн нийтлэг контактанд ордог нөхцлүүд нь мөргөлт, рак болон мооны үед үүсдэг.

Мөргөлт

Рагбид зөвхөн бөмбөгтэй тамирчныг мөргөж болно. Мөргөлт буюу такл нь бөмбөгтэй тамирчин нэг болон түүнээс дээш хамгаалагч нарт баригдан мөргүүлж нэг эсвэл хоёр хөлөөрөө газарт унасан тохиолдолд мөргөлтөнд орсонд тооцно. Тоглолтыг ургэлжлүүлэхийн тулд газар унасан бөмбөгтэй тамирчин тэр даруй бөмбөгөө шууд тавьж бусад тоглогчдод өрсөлдөх боломж олгох ёстой ба мөргөлт хийсэн тамирчин мөргөсөн тамирчнаас барьцаа тавин холдох эсвэл хөл дээр босон тоглох ёстой.

Рак

Рак нь бөмбөг газар байх үед хоёр багийн нэг болон түүнээс дээш тамирчид бөмбөгний дээр эсвэл ойр, хөл дээр байх үед үүснэ. Рак үүсэх үед гараар бөмбөгийг авч болохгүй бөгөөд зөвхөн эсрэг багийн тамирчинг түлхэж холдуулах эсвэл хөлөөр бөмбөгийг татан ракны хамгийн арын тамирчинд гаргаж өгсөнөөр тоглох боломжтой.

Моол

Моол нь бөмбөгтэй тамирчинг нэг болон түүнээс дээш тамирчин барьж, газар унагахгүйгээр барьц аван босоо байрлалаас буюу бөмбөг газар унаагүй үед бөмбөгөнд өрсөлдөх үед үүснэ.

Бөмбөгтэй багийн бусад тамирчид нийлж барьц аван газар хожихоор эсрэг багийн онооны шугамын зүг рүү түлхэж болно. Энэ үеэр бөмбөгөө хамгаалан моолонд орсон өөрийн багийн хамгийн арын тамирчин руу бөмбөгөө дамжуулж өг болох бөгөөд бөмбөг авсан тамирчин нь бөмбөгтэйгөө шууд гүйж довтлох эсвэл дамжуулан гаргаж болно. Бөмбөг гарсанаар моол дуусна.