Дасгалжуулагч

Дасгалжуулагчийн гол үүрэг нь түүний баг ямар түвшинд тоглож байгаагаас хамааран харилцан адилгүй байдаг. Бага болон өсвөр насны ангилалд илүү хувь тамирчин болон техникийг сайжруулахад төвлөрдөг бол олон улсын түвшинд багийн тамирчдын сонголт, тоглолтын чанар болон үр дүн сайжруулахад төвлөрдөг.

Дасгалжуулагч нь удирдагч, менежер, багш болон зохион байгуулагчийн үүргүүдийг гүйцэтгэдэг. Дасгалжуулагч нь дүрмийн өндөр мэдлэгтэй, биеийн тамир сайтай, бусдыг байлдан дагуулах болон хэрхэн яаж тамирчдаа сайжруулах талаарх мэдлэгтэй байх хэрэгтэй.

Сэлгээний тамирчид

Талбай дээрх 15 тамирчдаас гадна баг нь сэлгээний тамирчидтай байж болдог. Дасгалжуулагч нь тоглолтын дунд урьдчилан мэдэгдэж тактикийн сэлгээ хийж болдог бол харин бэртэж гэмтсэн тамирчныг эмчид үзүүлж байх үед түр болон тоглолтоос бүрэн гарвал сэлгээний тамирчнаар сольж болно.

Багийн соёл

Дасгалжуулагчийн бас нэгэн томоохон үүрэг бол тамирчид дунд багийн соёлыг ойлгуулж суулгах юм. Энэ нь ялангуяа спортыг зөвхөн хожлын төлөө тоглож буй мэргэжлийн түвшинд бус харин сонирхогчдын түвшинд тоглож байгаа тамирчдад илүү чухал юм.

Дасгалжуулагч болох нь

Дасгалжуулагч болж бусдад рагбигаар хичээллэх боломжийг зааж сургах нь маш сайхан туршлага юм.

Дийлэнх дасгалжуулагч болсон хүмүүс рагби тоглодог байсан тамирчид рагбид үргэлжлүүлэн хүчин зүтгэж залуу үеэ бэлдэхэд хувь нэмрээ оруулдаг бол нөгөө хэсэг нь рагби тоглогч нарын эцэг эх дасгалжуулагч болох явдал байдаг.

Дасгалжуулагч болох нь маш их үр өгөөжтэй, сэтгэл ханамжтай туршлага байдаг хэдий ч энэ нь том хариуцлага гэдгийг санах нь зүйтэй.

Өнөөдрийн дасгалжуулагчдын дасгалжуулж буй тамирчид нь ирээдүйн тамирчид, шүүгч болон рагбигийн сайн дурын ажилчид болж болхоос гадна дасгалжуулагч нь спортоос гадна амьдралын хэв маягт нь эергээр нөлөөлөх боломжтой юм.

Дасгалжуулагч болох хүсэлтэй бол Рагбигийн холбоонд хандаж холбогдох сургалт, семинарт хамрагдаж болох бөгөөд Дэлхийн Рагбигийн цахим хуудас дээрх материалуудтай танилцаж цахим хэлбэрээр мэдлэгээ нэмэгдүүлэх боломжтой.

Багийн тактик

Багийн тоглолтын зөв тактик, төлөвлөгөө боловсруулах нь багийн амжилтанд шууд нөлөөтэй. Энэ нь мэдээж амаргүй даалгавар боловч зөв хийж, бэлдэж сурвал багийн ирээдүйд маш том үр дүн авчрах боломжтой байдаг.

Тактик боловсруулахаас өмнө баг тамирчдынхаа хүчтэй болон давуу тал нь юу вэ гэдгийг ойлгож мэдэх хэрэгтэй. Энэхүү тактикууд нь урд талын хүчээр довтлох эсвэл ард талын тамирчдаа ашиглаж зай гарган довтлох гэх мэт тактик дээр үндэслэж болно. Үүнээс гадна өрсөлдөгч багийг судалж, тэдний хийх довтолгоо, давуу болон сул талыг урьдчилан суралцах нь маш том давуу талыг үүсгэдэг.
Хүчээ ашиглах

Урд талын хүчтэй тамирчдаа ашиглан скрам болон моолыг ашиглах нь талбай хожих сайн арга юм. Мөн урд талын тамирчид ракнаас өөрсдөө шууд бөмбөг авч довтлох нь эсрэг багийг ухраан өөрийн ард талын тамирчиддаа довтлох зай гаргах сайхан боломж юм.

Зайг гаргах

Рагбид маш олон ээдрээтэй дүрмүүд байдаг хэдий ч нөгөө талаас рагби нь ойлгоход энгийн юм. Тэр нь зай гарган эсрэг багийн хамгаалагч нарын тооноос илүү тооны довтлогч гарган довтолж, хүний илүүгээр оноо авах явдал юм.

Тиймээс хожлын гол үндэс суурь нь зай гаргахад оршдог. Зай гаргахад чиглэсэн олон тактик байдаг хэдий ч хамгийн гол нь бөмбөгийг хурдан гаргах, хамгаалагч нар төвлөрсөн газраас түргэн холдуулж зай руу довтлох, довтолгоонд хурдтай тамирчдаа ашиглаж оноо авах боломжоо өндөрсгөх нь хамгийн чухал байдаг.