Рагби 7 УАШТ нь анх “Рагби Фестивал-2013” наадам дээр анх зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш тасралтгүй 8 дахь жилдээ 2020 оны 8-р сарын 29-ий өдөр Төв Цэнгэлдэх Хүрээлэнд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 8 баг, эмэгтэй 3 багийн 150 гаруй тамирчид оролцлоо.
2020 оны Рагби 7 УАШТ нь дэлхий нийтэд тархаад байгаа “Ковид-19” цар тахлын үед байгуулагдаж байгаагаараа онцлогтой болсон бөгөөд Ази тивд тэмцээн уралдаанаа үргэлжлүүлж чадсан нь Азийн болоод дэлхий нийтэд Монголын Рагбиг таниулах сайхан боломж болж чадсан юм.
Эрэгтэй баг тамирчид 2 бүсэд хуваагдан аваргын цомын төлөө өрсөлдсөн бол эмэгтэй багууд нийт 2 тойрог тоглож дүнгээ гаргасан.
Тэмцээний эмэгтэй нэгдүгээр байр цомын эзнээр ҮБХИС-ийн Чийтас рагби клубын баг түрүүлсэн ба мөнгөн медалийг Дайчид рагби клуб, хүрэл медалийг Хан-Уул рагби клуб хүртлээ.
Тэмцээний эрэгтэй төрөлд Хан-Уул рагби клуб аваргалж аваргын цом, алтан медалийг хүртсэн бол ҮБХИС-ийн Чийтас рагби клуб мөнгөн медаль, Ангууч Арслангууд рагби клуб хүрэл медалийг тус тус эзэллээ.
Ангууч Арслангууд рагби клуб нь 2013-2019 онуудад тасралтгүй 7 удаа түрүүлж байсан юм. Мөн энэ удаагийн тэмцээнд Зэвсэгт Хүчний 084 дүгээр ангийн Бүргэдүүд баг оролцсон нь тэмцээний нэг чимэг байж чадсан.
Рагби 7 УАШТ-2020 цар тахлын үед Улсын Онцгой Комиссын заавар зөвлөмжийн дор зохион байгуулагдсан бөгөөд МҮОНРТ-ийн MNB Спорт сувгаар болон МРХ-ны албан ёсны Facebook хуудас болон Азийн Рагбигийн Холбооны албан ёсны Facebook хуудсаар шууд дамжуулан үзүүлсэн билээ.
Дашрамд дурдахад Рагби 7 УАШТ-ийг амжилттай зохион байгуулахад ивээн тэтгэж хамтран ажилласан DHL ХХК болон хувь хүн, байгууллагууддаа нийт тамирчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна.