Монголын Рагбигийн Холбоо нь Дэлхийн Рагбигийн Холбооны бүрэн эрхт гишүүн боллоо

Монголын Рагбигийн Холбооны ерөнхийлөгч П.Батбаяр: “2003 онд анх үүсгэн байгуулагдсан Монголын Рагбигийн Холбоо (МРХ) нь Азийн (АРХ) Рагбигийн Холбооны гишүүн бөгөөд Дэлхийн Рагбигийн Холбооны (ДРХ)-ны ажиглагч гишүүн байсан билээ. Өнөөдөр МРХ-ны хувьд баяртай мөч тохиож түүхэн шинэ хуудсаа нээж байгааг дуулгахад таатай байна. Учир нь МРХ-ны өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ололт амжилтуудаа өндрөөр үнэлүүлж ДРХ-ны бүрэн эрхт гишүүн болж, гишүүнчлэлийн статусаа дээшлүүлснийг ДРХ-ны 15 дугаар Ерөнхий Ассамблей дээр ДРХ-ны Удирдах Зөвлөлийн дарга Сэр Бил Бомонт хүндэтгэлтэйгээр мэдэгдлээ.

Бүрэн эрхт гишүүн болсноор Монголын рагбигийн шигшээ баг тамирчид олон улсын өндөр зэрэглэлийн уралдаан тэмцээнд тогтмол оролцох боломжтой болж, Дэлхийн аваргын эрхийн тэмцээнүүдэд оролцож, дэлхийн чансаанд бичигдэж рагбигийн спортыг Монголын ард түмэнд өргөн хүрээтэйгээр танилцуулах, рагбигаар дамжуулан багийн спортын шинэ төрлийг дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.

Энэхүү амжилт нь нийт рагби спортоор хичээллэгч, хамтрагч, оролцогч бүгдийн хүч хөдөлмөр дэмжлэгээр бүтсэн гэдгийг онцолмоор байна. Иймээс нийт рагбигийн хамт олондоо баярын мэнд хүргэе.”