Монголын Рагби 15 жил

Монголын Рагбигийн Холбоо 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсад рагбигийн спорт үүсэж хөгжөөд 15 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд рагбигийн 6 клубын эрэгтэй, эмэгтэй 300 гаруй тамирчид, ЕБ-ын 20 гаруй сургуулийн 700 гаруй өсвөрийн тамирчидтай өнөр өтгөн гэр бүл болжээ. Монголын Рагбигийн баг нь 2005 оноос эхлэн олон улсын клубүүдын тэмцээн уралдаануудад оролцож ирсэн бөгөөд анхны Монгол улсын шигшээ баг 2009, 2010 онуудад Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан ба 2014 онд Бруней улсад зохиогдсон Ази тивийн4 дүгээр дивизийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж аваргын цомыг хүртэж байсан бахдам амжилтыг гаргажээ. Мөн Олимпийн төрөл болох Рагби 7 төрлийн шигшээ баг маань “Азийн Спорт Наадам 2010”, 2011 онд БНХАУ-д зохион байгуулагддаг “Шанхайн 7” тэмцээнүүдэд оролцож Олимпийн гараагаа эхлүүлсэн билээ.