Азийн АШТ-ий 3-р Дивизийн Төвийн бүсийн гуравдугаар байрын цомыг хүртлээ

Манай улсын шигшээ багийн хувьд 2014 онд Бруней улсад зохион байгуулагдсан Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний тэргүүн байр эзэлснээс хойш тус тэмцээнд оролцоогүй байсан ба дивиз дээшилж, Ази тивийн Төвийн бүсийн ангилалд Казахстан, Пакистан, Киргизстан улсын шигшээ багуудтай хуваарилагдсан юм.

Монголын Рагбигийн шигшээ баг 2018 оны 5 дугаар сарын 16-аас 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрүүдэд Казахстан улсын Алматы хотод Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний 3-р Дивизийн Төвийн бүсийн аваргын цомын төлөө өрсөлдлөө.

Asia Rugby Championship div III central

Азийн Аварга Шалгаруулах тэмцээний эхний тоглолт

/2018 оны 5 дугаар сарын 16, 17:00 цаг/

Казахстан – Монгол

Азийн Аварга Шалгаруулах тэмцээний оноолтын дагуу эхний тоглолтыг талбайн эзэн баг Казахстан улсын шигшээ багтай тоглохоор учраа таарсан билээ. Казахстан улсын шигшээ баг нь Азийн дээд дивизэд Япон, Хонг Конг болон БНСУ-ын шигшээ багуудтай өрсөлддөг байсан туршлагатай багуудын нэг юм.

Харамсалтай нь тус улсын рагбигийн холбоо нь Азийн Рагбигийн Холбооноос торгуулж 2 жилийн хугацаатай эрхээ хасуулсанаар Дивиз буурч 3 дугаар дивизэд өрсөлдөх шаардлагатай болсон байна.

Asia Rugby Championship div III central

2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 17 цагт шигшээ багийн эхний тоглолтоо Казахстан улсын шигшээ багтай хийж 55-6 онооны харьцаатай хожигдсон юм. Манай улсын шигшээ багт Казахстан улсын шигшээ багтай тоглох ховор боломж олдсон юм. Учир нь Казахстан улсын хилээр нэвтрэх үед Монголын сунгалттай паспорттой иргэдийг оруулахыг хориглосон гэдэг шалтгаанаар багийн эмч болон 5 тамирчнаа хил дээрээс буцаахаас өөр аргагүй болсон юм. Буцсан тамирчдын маань 4 нь гарааны тамирчид байсан бөгөөд Азийн дээд дивизэд байсан багтай өрсөлдөх чухал тоглолтонд алдсан нь тактик болон сэтгэлзүйн хувьд тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн нь гарцаагүй юм.

Тоглолтын эхний хагаст маш өрсөлдөхүйц тоглолтыг гарган, урд эгнээний буюу хүчний тамирчдын хувьд эн тэнцүү өрсөлдөж байв. Гэвч хашир туршлагатай, байнгын бэлтгэл сургуулилттай байгаа гэдгээ харуулж Казахстаны шигшээ баг манай багийн сул талуудыг маш сайн ашиглаж, онооны харьцааг холдуулан хожсоноор аваргын төлөө өрсөлдөхөөр болсон юм.

Тоглолтын онооны хувьд хол зөрүүтэй хожигдсон боловч бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож, сэтгэлзүйн хувьд өндөр, итгэлтэй байж зөвхөн тоглолтондоо анхаарч тогловол манай шигшээ багт томоохон багуудтай өрсөлдөх боломжтойг харуулж чадсан юм.

Asia Rugby Championship div III central

Азийн Аварга Шалгаруулах тэмцээний Пакистаны шигшээ баг Киргизстан улсын шигшээ багуудын тоглолт 82-0 онооны харьцаатайгаар буулган авч аваргын төлөө Казахстан улсын шигшээ багтай өрсөлдөхөөр шалгарсан билээ.

Харин манай шигшээ багийн хувьд Киргизстан улсын шигшээ багтай 3-р байрны төлөө 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өрсөлдөхөөр болсон юм. Киргизстан улсын шигшээ баг сүүлийн шатны тоглолтонд оролцож чадахгүйгээ мэдэгдсэнээр Монголын шигшээ баг 3-р байрын эзэн болсон юм.

Азийн Аварга шалгаруулах тэмцээний аваргын цомын төлөөх тоглолтонд Казахстан улсын шигшээ баг Пакистан улсын шигшээ багийг 48-0 харьцаатайгаар хожин цомын эзэд болж, бэлтгэл сургуулилт сайн байгаагаа нотолсон билээ.

Киргизстан улсын шигшээ баг тоглохгүй болсонтой холбоотойгоор зохион байгуулагч нарын санал болгосноор Казахстан, Алматыгийн Ветераны рагбигийн баг болон Хонг Конгийн Вандалс клубын багуудтай нэг нэг үе тус тус тоглохоор болж үлдсэн бүх хүчээ шавхан, сэлгээний тамирчидгүйгээр хоёр өөр тоглолтын арга барил, стиль тактиктай багуудтай дараалан анх удаа тоглосон нь онцлог байв.

Казахстаны Ветераны рагбигийн багийг хурд хүчээр илт давуу хожсон бол 2 дугаар үед үргэлжлүүлэн шууд Хонг Конгийн Вандалс рагбигийн клубтэй тоглон маш ойрхон тоглолтыг үзүүлж, тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулан хожиж Азийн аварга шалгаруулах тэмцээнээ ялалтаар өндөрлүүлж чадсан юм.

Asia Rugby Championship div III central

Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход Ард Санхүүгийн Нэгдэл, ЖЕМ Интернэйшнл ХХК, Ард Холдинг, Трансвест ХХК, Аеромонголиа ХХК нар ерөнхий тэтгэгч байгууллагуудаар ажиллаа.

Asia Rugby Championship div III central

Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход манай баг тамирчдыг дэмжиж хамтран ажиллаж, ивээн тэтгэсэн бүх Аж ахуйн нэг байгууллага болон хувь хүмүүстээ талархсанаа илэрхийлье. Тамирчдаа дэмжин урмын үг хайрлаж байдаг спортод хайртай та бүхэндээ баярлалаа.