Монголын Рагбигийн Холбооны 2024 оны Рагби 15 УАШТ 8 сарын 17, 24-ны өдрүүдэд Яармаг дахь Монголын Хөлбөмбөгийн Холбооны Бэлтгэлийн талбайд амжилттай болж өндөрлөлөө.
Монголын Рагбигийн Холбооны 11 дэх удаагийн УАШТ-ий аваргын цомын төлөө чансаа өндөртэй 4 клубын дунд амжилттай зохион байгуулагдаж, аваргаа шалгарууллаа.
Рагби 15 УАШТ-ий хоёр дахь долоо хоногийн эхний тоглолт буюу хүрэл медалийн төлөө Дайчид РК, Чийтас РК-н эсрэг гал гарсан тоглолтыг үзүүлж 24-10 гэсэн онооны харьцаатайгаар Дайчид РК хожиж хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн тоглолт 2 долоо хоногийн турш болж, сүүлийн тоглолт Хан-Уул РК-Чийтас РК-ууд тоглолт 15-12 гэсэн оноогоор Хан-Уул РК ялалт байгууллаа.
2024 оны Рагби 15 УАШТ-ий аваргын цомын төлөөх тоглолт маш өрсөлдөөнтэй болж Хан-Уул РК, Ангууч Арслангууд РК-ыг 62-43 гэсэн онооны давуугаар хожиж улсын аваргаар тодорлоо.
Аваргын төлөөх тоглолт нь 80 минутын турш маш өрсөлдөөнтэй болж хоёр баг 43-43 гэсэн оноогоор тэнцэж нэмэлт 20 минутын тоглолтыг хийж, нэмэлт цагт Хан-Уул РК 3 Трай, 2 нэмэлт өшиглөлтийг амжилттай хийж аваргын цомын эзнээр тодорсон юм.
2024 оны Рагби 15 УАШТ-ий аваргын цомын төлөөх тоглолт нь Рагбигийн спортын амин сүнс, үнэт зүйл болох шударга өрсөлдөөн, хүндлэл, хожихын төлөөх хүсэл эрмэлзлэлийг харуулсан жинхэнэ эрчүүдийн тоглолтыг харуулж чадсан нь үзэгч хөгжөөн дэмжигчдийг баярлуулж чадсаныг энд дурдах нь зүй болов уу.
Хан-Уул РК 2014, 2019, 2020, 2022 онуудад түрүүлж МРХ-ны Рагби 15 УАШТ-ий цомыг хүртэж байсан бол энэ онд түрүүлсэнээр 5 удаа түрүүлсэн түүхэн амжилтыг үзүүлээд байна.
Тэмцээний Шилдэг тамирчнаар Хан-Уул РК-н Б.Сод-Эрдэнэ шалгарсан бол тэмцээний Шилдэг Эмэгтэй тамирчны шагналыг Ангууч Арслангууд РК-н Ч.Түвшинзаяа хүртлээ.
2024 оны Рагби 15 УАШТ-ийг Америкийн Нэгдсэн Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган, АНУ-ын Батлан Хамгаалахын Атташе Брайн Харт, Япон улсын Элчин сайдын Нэгдүгээр орлогч Исао Кояама, ЗХЖШ-ын СБГ-ын Биеийн тамирын тасгийн дарга дэд хурандаа Ч.Мөнхтүшиг МРХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд болон бусад зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь Монголын Рагбигийн хөгжлийг нүдээр харан сонирхож, цаашдын хөгжлийн төлөө хамтран ажиллах боломжуудыг нээж өгсөн чухал ач холбогдолтой тэмцээн боллоо.
АНУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайд Ричард Л.Буанган хэлэхдээ МРХ-той хамтран АНУ-аас хэрэгжүүлдэг “Спортоор дамжуулан нийгмийн өөрчлөлт бий болгох нь 2” хөтөлбөрийг энэ оны 10 сараас хэрэгжүүлэхээр болсон ба цаашид 2 улсын рагбигийн хөгжлийн төлөө сургалт хөтөлбөр, бэлтгэл сургуулилт болон тэмцээн уралдааныг зохион байгуулах болно гэдгийг онцоллоо.
Рагби 15 УАШТ-ийг зохион байгуулахад дэмжин хамтран ажилласан МРХ-ны Ерөнхийлөгч П.Батбаяр, НИМУС ХХК, хувь хүмүүс, клубүүддээ гүн талархал илэрхийлж байна.