Монголын эмэгтэй рагбичид 2019 онд анх удаа хил даван, аялан тоглолтод оролцож олон улсын гараагаа эхлүүлсэн түүхтэй.
МРХ, Бээжингийн РХ-ны хамтын ажиллагааны хүрээнд Бээжин хотноо зохион байгуулагдсан "Цагаан хэрэм" нөхөрсөг аялан тоглолтод МРХ-ны харъяа Г.Хосбаяр дасгалжуулагчтай,Б.Солонготуяа ахлагчтай "Хөх Толбот Дайчид" клубын тоглогчид Монгол эмэгтэй рагбичдын салхийг хагалан хамгийн анхны хилийн чанад дахь тоглолтоо хийсэн билээ.
Тус аялан тоглолтод Бээжингийн РХ-ны шигшээ баг, их сургуулийн шигшээ Нонг Да баг, Бээжин хотын европ тоглогчдоос бүрдсэн Beijing United, Хөх толбот дайчид клуб гэсэн 4 баг 10 хүний төрлөөр өрсөлдөв.
Нийт 3 тоглолт хийж, хоёрт нь хожигдол хүлээн, Beijing United багийг 24:12-оор хожсоноор гадны оронд анхны ялалтаа байгууллаа. Энэхүү тэмцээнд Монголын эмэгтэй баг тамирчид туршлага хуримтлуулах, гадны тамирчдын ур чадвараас суралцах гол зорилгоо биелүүлэн ийнхүү амжилттай оролцсон байдаг.